Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, бодлого төлөвлөлт, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны сайн туршлагыг харилцан судлах, төлөөлөгчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хангал, Хутаг-Өндөр сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн хамтарсан туршлага солилцох уулзалт-сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн оролцож, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн ерөнхий ойлголт, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийн талаар мэдээлэл өглөө.
Мөн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах нь” сэдвээр илтгэл тавьж, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтын үе шат, хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод, үр ашигтай худалдан авах ажиллагааг хангах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Баттөгс “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, мэдээллийг хуульд заасан хугацаанд үнэн зөв, бүрэн гүйцэд нийтлэх шаардлага, хэрэгжилтийн явцад нийтлэг гардаг зөрчил, дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Түүнчлэн Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хорооны дарга А.Сод-Эрдэнэ “Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүй” сэдвээр мэдээлэл хийж, төлөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ёс зүйн манлайллын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Энэхүү уулзалт-сургалт нь төлөөлөгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, туршлага солилцох, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.






